Monday, October 13, 2008

Дэлхийн санхүүгийн хямрал манай улсад ирэх нь цаг хугацааны л асуудал

Сая болсон иргэдийн төлөөлөгчдийн ч гэл үү юуны билээ сонгууль ашгүй дууслаа. Гэж бодсон чинь бас л дуусахгүй нь бололтой. Иргэдийн улс төрчдөд итгэл алдарснаас болж ирц нь хүрэхгүй байж мэднэ гэж бодон ахин сонгуулийн сураг сонсохоос залхсандаа ч тэр үү эсвэл анхны сонгуулиа өгч байгаа болоод ч тэр үү бүү мэд ямартаа ч Ардчилсан нийгэмд сонголтоо хийсэн нь Хариугаа авдаг гэснийг санаж сонгуулиа өглөө. Уг нь хүмүүс хэр өгч байгааг мэдэх гэж зориуд оройтож очсон юм. Сонгогчдыг бүртгэж авч байгаа нэг хүн нь хажуу дахь хүнтэйгээ тоглоомоор тэр үү эсвэл хүн хүлээж залхсандаа тэр үү "ядаж 300 гэдэг тоог нь дугуйлах юм сан" гэж ярихыг нь сэм сонсоод одоогийн үр дүн гарна гэдгийг бараг таамагласандаа. Уг нь манай Хан-Уул дүүрэг урьд нь үйлдвэрийн район байсан гэсэндээ ахмад настангууд нэлээд их байдаг болохоор сонгуулийн идэвхи сайн л байдаг. Сонгууль өгөх газар луу ахмад настангууд болон хижээл насны хүмүүс л явж байсан харагдсан. Ямар сайндаа л гарахдаа будаг түрхэж байсан хүнээс нь "хумсан дээр багахан шиг түрхчээрэй. Дараа нь арилахгүй хэцүү байна лээ" гэж хэлэхэд тун тааламжтайгаар хүлээн авч хаана түрхэхийг нь хүртэл асууж байсан шүү. За ямартай ч Хан-Уул арай гэж 51 хувь хүрч Ардчилсан намынхан маргааш нь баяраа тэмдэглэж байгаа сураг дуулдсан. Өмнө нь Эрлийн Эрдэнэ-Бат 2 ахиж гарч ирэхдээ хэдэн будсан сандал, сагсны шийднээс өөр юм үлдээгээгүй яваад өгсөн. Дараа нь хувьсгалт намаас нэг нөхөр гарч ирсэн. Уг нь сангийн сайд бил үү юу ч билээ нэг сайд л байсан юм. Улс төрчид өөрсдийнхөө төлөө зүтгэдэг юм хойно мань мэтээ мартаад бас л юу ч хийгээгүй. Өмнөх сонгуулиар өөр тойрогт нэр дэвшихдээ бас ч болоогүй "Манай тойргийн сонгогчид намайг тойрогтоо дахин дэвшихгүй яасан юм бэ" гээд захиа энэ тэр ирүүлсэн гэж зурагтаар ичих ч үгүй ярьж байсан. 2 намд хульхидуулсан Хан-Уулчууд энэ удаа Ардчилсан намд итгэл хүлээлгэж байна. За ингээд өөрийн бодлоо түр зогсооё. Сая news дээр гарсан нэг мэдээг уншаад айдас төрөх шиг боллоо. Үнэхээр ч монголчууд бүс ээ чангалах болж дээ. За энэхүү мэдээг бүрэн эхээр нь хүргэе.
Дэлхий нийтээр эдийн засгийн хямрал өрнөж, энэ нь бүхий л улс орны санхүүгийн чадавхид хүчтэй нөлөө үүсгэж байгаа билээ. Түүнчлэн АНУ-гийн хөрөнгийн зах зээлээс үүдэлтэй энэхүү санхүүгийн хямрал нь хөрөнгө оруулагчдын шинэ зах зээл нээх хүсэл сонирхолд ч бэрхшээл үүсгэх болсон юм. Иймд энэ талаар “Айвенхоу майнз” компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, Монгол дахь төслийн удирдагч А.Мөнхбаттай ярилцлаа.

-Өнөөдөр дэлхийн зах зээл дээр санхүүгийн хямрал хүчтэй өрнөж эхэллээ. Үүнийг шинжээчид 1929 оноос хойш АНУ-гийн зах зээл дээр анх удаа болж буй хамгийн том хямрал гэдэг дүгнэлтийг хийх болсон. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Үнэхээр хямрал нүүрлэсэн гэдэг нь тодорхой болсонтой бүх хүн санал нийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Анх гурав, дөрвөн сарын өмнө хямралын эхлэл тавигдаж байхад магадгүй олон хүн ийм болно гэж төсөөлөөгүй байсан болов уу. Гэтэл өнөөдөр АНУ-ын зах зээлээс дамжсан хямрал олон улсын хөрөнгийн биржүүдэд нөлөөлөөд эхэллээ. Хүрээ хамаарлын хувьд энэ нь 1929 оны АНУ-д үүссэн эдийн засгийн хямралтай дүйцэхээр их цар хүрээтэй болж байна гэж шинжээчид дүгнэж байна. АНУ-ын Хөрөнгийн зах зээлийг тодорхойлдог “ Dow Jones” гэж индекс байдаг. Тэр үзүүлэлт гурван сарын өмнө 15 мянгаас дээш байсан бол өнөөдөр арван мянгаас доошоо орчихлоо. АНУ бол дэлхийн эдийн засгийн хамгийн том төв. Энэ цэгт санхүүгийн хямрал үүснэ гэдэг нь өөрөө дэлхий тэр чигтээ донслох нөхцлийг бүрдсэн гэсэн үг. Америкт эхэлсэн “credit crunch” буюу зээлийн хямрал нь өрнөдийн орнуудын банк санхүүгийн байгууллагуудын чадавхийг бууруулж байна. Үүнээс үүдээд АНУ-д энэ он гарсаар 15 банк, түүний дотор “Lehman Brothers”, “Washington Mutual” зэрэг банк санхүүгийн байгууллагууд дампуурлаа зарлалаа. Европ, ОХУ-д ч бас байдал хүндэрч байна.

-Гэхдээ АНУ-гийн төр хөрөнгө оруулагч хийгээд банк санхүүгийн салбараа аврахын тулд 700 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон шүү дээ. Энэ арга хэмжээнээс үр дүн харагдаж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс 700 тэрбум ам.долларын санхүүжилтийг хөрөнгө оруулалтын банк болоод байрны зээлээс үүдэж санхүүгийн хямралд орсон томоохон банкны зээлийн алдагдлыг худалдаж авах зорилгоор зах зээлд гаргах шийдвэр гаргасан. Ингэж найдваргүй зээлийг Засгийн газар худалдаж авснаар банк санхүүгийн байгууллагыг дампуурлаас аврах нэг төрлийн боломж бүрдэнэ. Гэтэл бодит байдал дээр дээрх шийдвэрийг зарласаар байтал уналт үргэлжилж байна. Ийм шийдвэр гарчихаад байхад хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл доогуур байна гэсэн үг.

-АНУ-гийн хямралын эхлэл нь ипотекиос үүдэлтэй байсныг бүгд мэднэ. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хүчин зүйл байж болох юм. Кембрижийн их сургуулийн докторууд ийм хямрал болох эхлэл нь аль 1970 оноос тавигдсан гэж үзсэн байна билээ?

-Үүнийг эдийн засгийн нео-классик онолын дагуу тайлбарлавал өсөлт явагдаж байхад бүгд үйлдвэрлэж, их хэмжээний хуримтлал үүссэнээр эрэлт хэрэгцээний тэнцвэр алдагдаж, улмаар бий болсон хуримтлал хадгалагдснаар худалдан авалт зогсдог. Нэгэнт худалдан авалт зогссоноор үйлдвэрлэл зогсоно. Өөрийн тань асуугаад байгаа цаад учир шалтгаан нь энэ. Зах зээлийн эдийн засаг мөчлөгөөр өөрийгөө зохицуулж байдаг боло­хоор өсөлтийн үед уналтанд бэлдэж байх хэрэгтэй байдаг юм.

-АНУ-д банкны зээлийн алдагдлыг төр нь худалдан авч байна. Өнөөдөр Монгол Улсын төрөөс ч тэр бизнесийн тэтгэлэгт бодлогыг хэрэгжүүлэх боллоо. Энэ нь эргээд зарим хүмүүсийн сэтгэхүйд зах зээлийн эдийн засаг хамгийн зөв хувилбар биш. Социализмын бодлого нь зөв юм байна гэдэг бодлыг төрүүлж буй бололтой. Энэ талаарх таны бодол?

-Төрийн оролцоо зарим тохиолдолд байх нь буруу биш. Тэр тусмаа манайх шиг орны хувьд. Гэхдээ АНУ-д авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Монголд хуулбарлаж болохгүй. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт бий болсон уу гэвэл болсон. Хэдийгээр инф­ляцийг хязгаарлах хэрэгтэй ч нөгөө талдаа энэ бодлого нь өөрөө эдийн засгийн өсөлтийг хумиж мэднэ. Монгол Улсын эдийн засаг шууд утгаараа уул уурхайгаа түшиглэдэг. Иймд зөвхөн энэ салбарт дулдайдаж бодлогоо тодорхойлох нь буруу. Наад зах нь банк санхүү болоод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, ганц саалийн үнээгээ хоёр, гурав болгох хэрэгтэй.

-Уг нь өнгөрсөн жилүүдэд дэлхийн эдийн засаг ч тэр, манай улсын эдийн засаг ч огцом өссөн шүү дээ. Гэтэл хямрал болж байна. Үүнээс үүдээд санхүүгийн өсөлт нь ийм хэврэг байдаг юм уу гэсэн асуулт гарч байна?

-Тийм ээ, тодорхойдоо бол дэлхийн эдийн засаг 2000 оноос өдийг хүртэл огцом өссөн. Үүний үр дүнг дэлхий нийтээр төдийгүй манай улс ч их хүртсэн. Том зах зээлийг дагалдаад жижиг зах зээл ч хангалттай хөгжиж байлаа.Мөн уул уурхайн салбарт ч өнгөрсөн жилүүдэд асар их нааштай үзүүлэлт бий болсон. Наад зах нь, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өсч, улмаар манай улсын эдийн засгийн чадавхи ч их өслөө. Энэ нь эргээд өсөлт болоод уналтын аль аль нь байнгын тогтвортой биш. Өсөлт бий болж байвал үр дүнг нь тогтвортой авч үлдэх хамгаалалтыг давхар авч явах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

-Манай улс гэснээс энэ хүндрэл манайхыг тойрч гарахгүй нь тодорхой. Наад зах нь өнөөдөр ашигт малтмалын үнэ унаж байна. Улсын төсөвт үүнээс үүдсэн цоорхой гарах нь тодорхой болоод байна шүү дээ?

-Нэгэнт дэлхийн эдийн засгийн хямрал хаалга тогшиж байхад манайх зайлшгүй хам­гаалалтад бэлтгэх цаг болсон байна. Тэгэхгүй бол манайх шиг орны хувьд асуудал улам бүр хүндэрнэ. Хэдийгээр өнөөдөр манайхны халаас дүүрч, үл анзаарагдахаар байгаа ч хамгаалалтын арга хэмжээг боловсруулах цаг болсон. Учир нь, Монгол дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх чадваргүй нэг жижиг эд эс нь. Иймд энэ хямрал зөвшөөрөл авахгүй манай улсын санхүүгийн хил хязгаарыг даваад ороод ирнэ. Тэр хил давалт нь хэр хурдан бэ, хэр удаан хугацааны дараа ирэх вэ гэдэг нь гол асуудал. Манайхны хувьд өнөө­дөр хамгаалалтаа чадваржуулж, тэр цаг хугацааны нарийн нөлөөллийг судлах хэрэгтэй. Монгол Улсын Хөгжүүлэх санд 400 тэрбум төгрөг байна гээд л хөөрцөглөөд хүн бүрт, түүгээр ч барахгүй ямаа бүрт хөрөнгө цацаж болохгүй.Тэгэхгүй бол Монгол Улсад бий болсон санхүүгийн таатай орчин хоромхон зуур арчигдаж мэднэ. Наад зах нь, дэлхийн эдийн засаг дээр газрын тосны үнэ өсөхөд л манайд ямар сөрөг үр дагавар үүссэнийг бид харж байгаа шүү дээ.

-”Ситигрупп” энэ оны эхээр нэг тонн зэсийн үнэ арван мянган ам.доллар давна гэж мэдээлж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө ирэх жилийн зэсийн үнэ дунджаар 8000 ам.доллар болж, ирэх хоёр жил ашигт малтмалын үнэ тогтворгүй байна гэдэг дү­гнэлтийг мэдээлсэн. Үүний цаад шалтгаан нь юу вэ. Шинжээчид Хятадын зах зээл ханасан, нийлүүлэлт нь хэрээс хэтэрсэн гэх мэт олон дүгнэлтийг хийсэн байна билээ?

-Би дээр хэлсэн АНУ-гийн эдийн засгийн өөрчлөлт нь дэлхий нийт тэр чигээрээ интеграц­лагдсан гэдгийг баталж байна. Европын орнууд Англи, Ирланд, Франц, Исланд гээд хамгийн сүүлд Германы банк санхүүгийн зах зээл хүндрээд эхэллээ. Дэлхийн хамгийн том хэрэглэгч зах зээл болох Хятадын хөрөнгийн зах зээлд ч сөрөг нөлөө мэдрэгдэж байна. Энэ улс яагаад хамгийн их түүхий эдийг нийлүүлэгчээс нэхдэг вэ гэхээр өөрийн улсад үйлд­вэрлэлээ явуулаад дэлхийн бусад улс оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, экспортын барим­жаатай эдийн засаг. Гэтэл тэдний худалдан авагч болох АНУ болоод Европын орнууд нь худалдан авах чадваргүй болж хэрэгцээгээ бууруулна. Ингэж Хятадын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний экспортын эрэлт буураад эхлэхээр үргэлжлүүлээд үйлдвэрлэх боломжгүй болно. Нэгэнт нэмж бүтээгдэхүүн үйлдвэрлээд худалдан авагчгүй болж байгаа юм чинь эргээд зах зээлээс түүхий эдээ худалдаж авахаа зогсооно. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд буурч байгаагийн бүх цаад учир шалтгаан нь энэ. Зөвхөн зэс ч бус нүүрс, төмөр, алт гээд бүхий л ашигт малтмалын үнийг донсолгоонд оруулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Канадын CanAccord гэдэг нэр хүндтэй компаниас зэсийн үнийг 2009-2010 онд дунджаар 4500 доллар болж буурна гэсэн таамаг гаргасан байна лээ.

-Манай улстөрчдийн хувьд 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг батлах үедээ ашигт малтмалын үнийн өсөлт ойрын арван жилдээ үргэлжилнэ. Монголчууд азтай ард түмэн гэдэг тодорхойлолтыг хийж байсан шүү дээ?

-Манайх үнэхээр өөрийн тань хэлснээр хоёр жилийн өмнө их өөдрөг байсан. УИХ-аас зэс дээр гэхэд л 68 хувийн татвар тавьж байлаа. Гэтэл өнөөдөр тэр бүх дүр зураг огцом өөрчлөгдлөө. Нэг тонн нь 8800 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт дунджаар 5500 ам.доллартай байлаа. Иймд шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь асуудалд их ухамсартай хандаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвхөн ашигтай гэдэг талаас нь бус хоёр талаас нь харж төрийн үйл хэргийг удирдах хэрэгтэй болсон байна.

-Энэ санаатай тань уялдуулаад нэг асуулт тавья. Анх өнгөрсөн оны сүүлчээр АНУ-д ипотекийн хямрал үүсэхэд “Манайх бол жижиг зах зээл. АНУ-д ипотекийн зах зээл үүсээд олон жил болсон. Иймд тэд болж байгаа хямрал манайх шиг дөнгөж хөгжиж эхэлж байгаа улсад нөлөөлөхгүй. Цаг хугацааны хувьд ч нэлээд хожуу нөлөөлнө” гэдэг тайлбарыг хийж байсан. Магадгүй өнөөдөр дэлхийн эдийн засагт үүсээд байгаа хямралыг ч тэгж тайлбарлаж болох юм?

-Хямрал өнөөдөр ирэх үү, маргааш манайд нөлөөлөх үү гэдгийг цаг хугацаа харуулна. 1997 онд болсон Зүүн Азийн хямрал гэхэд нэг л бүс нутгийг хямарсан боловч 2-3 жил үргэлжилж Монголд байдал хүнд байсан биз дээ. Энэ удаа түүнээс илүү цар хүрээтэй болж ужиграх магадлал өндөр байна. Үүнээс үүдээд ашигт малтмалын үнэ унаж, хөрөнгө оруулагчдын шинэ зах зээл нээх сонирхлыг хязгаарлаж байна. Энэ бүхэн нь Монголд төсвийн алдагдлыг нэмэгдүүлнэ, бас гадаад худалдааны алдагдлыг өсгөнө. Эргээд энэ нь бидний амьжиргаанд нөлөөлнө. АНУ-д болж байгаа ипотекийн хямрал манайд нө­лөөлөхгүй гэж хэлсэн гэж байна. Гэтэл өнгөрсөн жил асар хурдтай өсч байсан манай улсын барилгын салбарын хурд өнөөдөр саарсан. Шинэ барилгуудын үнэ буурч, банкууд орон сууцны зээлээ багасгаж, барилгын борлуулалт саарч эхэллээ. Энэ нь биднийг түргэн арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Үүнийг хараагүй юм шиг өнгөрч болохгүй.

-Мэдээж үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний борлуулалтын тухай асуудал сөхөгдөх болов уу?

-Манай эрх баригчдын зүгээс нэгэнт дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын бүтээгдэхүү­ний үнэ хурдтай өсч байхад бүх зүйл сайхан болно гэж бодсон уу Оюутолгой болоод Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажлыг хойш нь сунгасан. Гэтэл тэр том төслүүдийг хэрэгжүүлж амжаагүй байтал ашигт малтмалын үнэ буураад эхэллээ шүү дээ. Үүний цаадхи үр дүн нь миний хэлсэн, хэлээгүй тодорхой.

-Тухайлбал, “Айвенхоу майнз” компанийн хувьд байдал ямар байгаа вэ?

-”Айвенхоу майнз” компанийн хувьд Монголд оруулсан төслөөсөө ерөөсөө ашиг олоогүй. Нэг ёсны 2000 оноос хойш үйлдвэрлэл эхлээгүй учраас байнгын зардал гаргаж ирсэн. Наад зах нь “Айвенхоу майнз”-ын хувьцааны ханш 2007 онд 17-18 ам.доллар хүрч байсан бол өнөөдөр гурван ам.доллар 70 цент болж буураад байгаа.

-”Айвенхоу майнз” компани олон улсын санхүүгийн зах зээл дээр үүсээд байгаа энэ хямралыг давж гарах хүч, хамгаалалт нь хэр байгаа вэ?

-Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалж байгаа компани юун түрүүнд өөрсдийн хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Энэ бол хуулиар хүлээсэн хөрөнгийн зах зээлийн бизнесийн үнэн. “Айвенхоу майнз”-ын хувьд Австрали, Африк гээд бусад олон оронд нүүрс, зэс, алтны олон төсөл хэрэгжүүлж байгаа учраас энэ хямралын даагаад гарах боломж бий. Мэдээж хөрөнгийн зах зээл дээр хувьцааны ханш дөрвөн ам.доллараас доошоо бууна гэдэг бол хамгийн том хөрөнгө нь болох Оюутолгой төслийн үнэ цэнийг авч хаяж байна гэсэн үг. Тэр утгаараа компани хямралыг давж гарч чадах ч үүний гол хохирогч нь Монгол болж байгаа юм. Хэрэв Оюутолгой төсөл хэрэгжээд орлого олоод явсан бол манай улсад орох хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон мянган хүн ажлын байртай болох байсан. Наад зах нь өнгөрсөн онд манайд 1700 хүн ажиллаж байсан бол Хөрөнгө оруулалтын гэрээ хойшилсонтой холбогдоод одоо дөнгөж 600 орчим хүн л ажиллаж байна шүү дээ.

-Төслийг анх боловсруулж байх үед 2012 оноос ашиглалтад оруулна гэж ярьж бай­сан. Тэр хугацаа хэр хойшоо сунаж байгаа вэ?

-Өмнө нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд үр дүн нь тодорхой учраас хөрөнгө оруулагч олоход бэрхшээлгүй байсан. Наад зах нь дэлхийн хамгийн том уул уурхайн групп болох “Рио Тинто” манай хөрөнгө оруулагч болсон тул төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах санхүүгийн бэрхшээл үүсэхгүй гэдэгт хоёр гурван жилийн өмнө итгэлтэй байлаа. Харин өнөөдөр нэгэнт дэлхийг тойрсон хямралаас үүдээд санхүүжилт хайхад хүндрэл үүсч магадгүй байна. Өмнө нь гэрээгээ л байгуулчихвал хөрөнгө оруулагч өөрөө ороод ирэх байсан бол одоо нэгэнт дэлхийн банк санхүүгийн салбар хямралд орчихоор хэн хөрөнгө оруулалт хийж чадах вэ гэдэг асуултыг хариуг хайхад бэрхшээлтэй. Наад зах нь 2.7 тэрбум ам.доллараар төслийг ашиглалтад оруулж чадахаар байсан бол одоо капитал зардлын хэмжээ асар их нэмэгдэх нь тодорхой болсон.

-Нэмэгдээд хэд болж байгаа вэ. Тооцоолж үзсэн үү?

-Урьдчилсан байдлаар 5-5.5 тэрбум ам.доллар болж өссөн. Тэгэхээр ийм хэмжээний сан­хүүжилт хийх банк олон улсын хэмжээнд байна уу, үгүй юу гээд үзэхэд тун хүндрэлтэй. Иймд ядаж эдийн засгийн хямрал доод цэгтээ хүрээгүй байгаа дээр төслийг эхлүүлэхгүй бол цаашид хугацаа алдах тусам нөхцөл байдал хэцүү болно.

-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг шинээр байгуулж байгаа гэж сонссон?

-Ингэж хуулиа өөрчлөх гэж, гэрээний төслийг шинээр боловсруулах гэж ширээний ард хэлэлцэж суутал хямрал дээд цэгтээ хүрэх вий гэдгээс айж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас 30 сарын дараа гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэдэг амлалтыг анх Айвенхоумайнз” Монголын төрд өгч байсан. Би дээр хэлсэн, нэгэнт гэрээний дараа дахиад санхүүжитийн эх үүсвэрээ баталгаатай болгох шаардлагатай учраас өнөөдөр үйлдвэрлэлийг эхлэх хугацааг тодорхой хэлэх боломжгүй. Ямар ч байсан өөдрөгөөр хариулбал, энэ онд багтаад хөрөнгө оруулалтын гэрээг баталлаа гэхэд 2012 оноос ашиг­лалтад оруулах урьдчилсан төлөвлөгөө бий. Гэхдээ үүнд шууд тэгнэ гэж хариулах боломж­гүй болчихоод байгаад л гол учир нь байгаа юм. Та бидний хэн нь ч дэлхийн эдийн засгийн хямралын хурдац хийгээд хамрах хүрээг урьдчилан хэлж чадахааргүй нөхцөл байдал үүсчихээд буй нь л хамгийн хэцүү байна даа.

Г.ОТГОНЖАРГАЛ news.mn

0 comments:

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template